Монгол Герман зам

Home  >>  Бусад  >>  Монгол Герман зам

Монгол Герман зам

On 10 сар 17, 2017, Posted by , in Бусад, With No Comments

Ричард Порсон нэг удаа”Life is too short to learn German” (Герман хэл сурахад хүний амьдрал дэндүү богинохон) гэж хэлсэн байдаг. Магадгүй түүний  зөв ч байж болох юм. Учир нь би Герман хэлийг маш удаан сурсан, би өнөөдөр ч гэсэн сурсаар л байна.

Би анх есөн настайгасаа л Герман хэлийг сурч эхэлсэн. Тэр үед Дарханы 19-р дунд сургуульд надад Англи эсвэл Герман хэлний аль нэгийг сонгож суралцах боломж гарсан юм. Харин манай ээж Герман хэл сурах сонголтыг миний өмнөөс хийсэн. Тэр үеэс өнөөдрийг хүртэл миний амьдрал Герман хэлтэй салгшүй холбогдсон.

Герман хэл сурч эхэлсэн тэр үед герман багш нартайгаа ойлголцох үнэхээр их сонирхолтой байлаа. Монголоор нэг ч үг ярьдаггүй герман багш нарынхаа хэлснийг ойлгох гэж үнэхээр их хичээдэг байж билээ. Хамгийн хөгжилтэй нь сурсан хэдхэн үгээрээ тэдэнд өөрсдийгөө ойлгуулах гэж хичээх явдал байсан. Ямартаа ч энэ бүхэн үнэхээр өдийг болтол хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж болон үлдэж чадсан. Гэхдээ герман хэлийг сурах нь надад үргэлж хялбар байгаагүй. Яг үнэнийг хэлэхэд герман хэл сураад бүхэл бүтэн таван жилийн дараа л би өөрийгөө бүрэн танилцуулж чаддаг болсон юм. Гэхдээ тэр үед бууж өгөлгүйгээр үргэлжлүүлэн суралцсандаа би одоо ч баярлаж явдаг.

Хэл сурахад үнэхээр тус дэм болж байсан зүйл бол захианы найзууд маань. Захиагаар дамжуулан би олон зүйлийг сурдаг байсан. Тэр ч бүү хэл германд байгаа найзууд маань миний захианы алдааг нь засаад надад илгээдэг байсан. Энэ бүхэн миний хэлний чадварыг улам дээшлүүлдэг байсан гэж бодож байна.

Харин би өөрөө байнга л германаар ярих боломжийг эрэн хайдаг байлаа. Герман-Монгол орчуулга хэрэгтэй болсон хэн нэгнийг олох юм бол дуртай нь аргагүй тусалдаг болсон. Гэхдээ маш өчуухэн зүйл дээр тусалсан ч тэр нь миний хувьд маш хүнд даалгаварууд мэт санагддаг байж билээ.

Зүг чиг асуусан ч бай бүр мэргэжлийн орчуулга хийлгэхийг хүссэн ч бай хэнтэй ч хамаагүй би германаар ярихад бэлэн үргэлж оролдоод үздэг байсан.

2003 онд надад PAD (Pädagogischer Austausch Dienst)-н шугамаар нэг сарын хугацаатай герман орноор аялах боломж олдсон юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нийт 400 гаруй сурагчдын хамт Герман орноор аялахдаа бид хоорондоо зөвхөн германаар нь ярих боломжтой байлаа. Тэдэнтэй германаар ярих надад маш сонирхолтой байсан, учир нь тэд ч гэсэн герман хэл сурч байсан юм. Гар болон биеийн хөдөлгөөн, дохио зангаа хүртэл “германаар ярих”-д тооцогддог байж билээ. Ямартаа ч энэхүү аялал нь надад герман хэлээ сайжруулах гайхамшигтай том боломж болсон юм.

Энэ үеэс эхлээд би германаар түгдрэлгүй ярьж эхэлсэн гэж хэлж болно. Төсөөлөөд үз дээ, герман хэл сураад бүхэл бүтэн долоон жил болсны эцэст нэг юм эхний үр дүнг нь үзсэн гээд. Хэрэв би тариачин байгаад миний герман хэл үр нь байсан бол үрээ цацаад долоон жил уйгагүй усалсны эцэст эхний ургацаа хураана… Үүнд мэдээж хэрэг маш их тэвчээр шаардагдана. Энэ тэвчээр надад байсанд би маш их баярладаг.

Түгдрэлгүй ярьдаг болсноор гэрман хэл сурах хүсэл минь улам их оргилж билээ. Өөрөө ч цагаар герман хэл заадаг болсон маань эргээд хэлээ улам илүү сайжруулахад дэм болсон юм.

Намайг сургуулиа төгсдөг жил олон жил захиагаар харилцсан герман багш маань надад маш сонирхолтой нэгэн боломжийн талаар дуулгасан юм. Үнэхээр энэ бол герман улсад нэг жил амьдрах (Freiwilliges Soziales Jahr) боломж байлаа. Сургуулиа төгсөөд яг ямар чиглэлээр их сургуульд суралцахаа тийм сайн мэдэхгүй байсан болохоор надад энэхүү санаа маш их тааладгсан. Герман хэлээ сайжруулж герман оронтой, тэндхийн хүмүүсийн энгийн амьдралтай танилцах сайхан боломж гарлаа гэж би бодоод герман орныг ахин нэг удаа зорьсон юм. Мэдээж энэ бүхнийг зохон байгуулахад германд байдаг найз нар минь маш ихээр тусалсан. Ингэж герман оронд нэг жил амьдарснаар миний герман хэлний цар хүрээ нилээн их нэмэгдсэн. Энэ нэг жилийн хугацаанд би зөвхөн герман хэлээ сайжруулаад зогсоогүй ирээдүйд юу хийхээ, ямар мэргэжил сонгохоо төлөвлөж байлаа. Мөн энэ нэг жилийн хугацаа миний хувьд өөрийгөө таньж мэдэх цаг хугацаа байсан юм. Ингэсний эцэст би барилгын инженер болох шийдвэр гаргасан.

Эх орондоо эргэн ирснийхээ дараа герман хэлээ аль болох мартахгүйг хичээж олон хүмүүстэй захиагаар харилцдаг болсон. Их сургуульд герман хэл ороогүй харин орос болон англи хэлний хичээл үздэг байлаа. Миний хувьд герман хэлээр ярьдаг байсан болоод ч тэрүү орос болон англи хэлийг ойлгоход хялбар байсан юм.

Тэр хооронд би өөрийн хотдоо герман хэлний чадамжаараа нилээд олон хүнд танигдаад амжсан байлаа. Хэн нэгэнд орчуулгын тусламж хэрэгтэй болсон үед надад тэр дорхноо л мэдэгддэг болсон байв. Ингээд би герман хэлээ ажлын талбар дээр ашиглаж эхэлсэн юм.

Оюутан байхаасаа л би тэр үеийн GTZ болон SOS Kinderdorf зэрэг газруудад ажиллаж эхэлсэн юм. Ингэснээр би өөрийн герман хэлийг мэргэжлийн түвшинд хүртэл сайжруулах боломжтой болоод зогсоогүй өөрийн мэргэжлийн дагуу мэдлэгээ улам тэлж байлаа.

Гэрман хэл сурч байгаа хүмүүст захианы найзуудтай байхыг би зөвлөдөг. Ер нь хүмүүстэй холбоо харилцаатай байна гэдэг бол хэл сурч байгаа хүний хувьд маш чухал. Ер нь бол хэн нэгэнд юу хийж байгаа болон герман хэлээ хэрхэн сурч байгаа талаараа мэдээллэж байх нь гэмгүй шүү дээ. Харин ч тухайн хүмүүсээс хэрэгтэй мэдээлэл болон зөвлөгөө олж авах боломж нээгдэнэ.

Одоо би нэгэн герман төсөл дээр инженерээр ажиллаж байна. Ажил дээрээ 15 жилийн турш сурч байгаа герман хэлээ өдөр бүр ашиглах шаардлага гардаг.

Мөн энэ 10-р сараас эхлэн Weimar хотын Bauhaus  их сургуульд DAAD-н тэтгэлэгээр докторынхоо ажлыг хийх гэж байгаа. Ингээд харахад герман хэл сурсан бүхий цаг үе маань миний хувьд үргэлж л амжилт байсан гэж хэлж болно. Эхлэл нь уг нь үнэхээр хэнд ч анзаарагдамгүй жижигхэн байсан боловч зөв хийсэн алхам бүрийн дараа улам илүү амжилтанд хүрч байна.

Үнэн хэрэгтээ би өөрийгөө азтай байсныг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ энэ нь би 16 настайдаа анх герман улсыг зорьсон аз биш, эсвэл 18 настайдаа германд 1 жил амьдрах боломж олдсон аз ч биш, мөн одоо германы судалгааны төсөл дээр ажиллаж байгаа аз бүр ч биш харин энэ нь анхнаасаа герман хэлийг маш тэвчээртэйгээр сурах боломж олдсон тэр л аз юм.

Дээр би та бүхэнд хэлсэн шиг герман хэл сурах нь үр тариа эсвэл ямар нэгэн жимс тарихтай адил зүйл. Чи үрийг тарьж герман хэлээ сурдаг. Харин тэвчээр цөхрөлтгүй байдлаар түүнийгээ усалдаг. Тэгээд цаг нь болохоор аяндаа чиний амжилт гэж нэрлэж болохоор тэрхүү боловсорсон үр жимс нь өөрөө ургадаг.

DAAD-н тэтгэлэгт оюутан, Weimar хотын Bauhaus Их сургуулийн докторант

Х. Ганбаатар

Please follow and like us:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн